Бид хаяа нэг компанийхаа сурталчилгааны талаар хөндөж ярьдаг билээ. Хэрхэн сурталчилах, ямар арга, сувгаар, ямар мессэж хүргэх вэ гм.
Бидэнд зардал өндөртэй уламжлалт сурталчилгаа хэрэггүй гэдэг санал бодоод байхад зөв аж.
Бид блогоо сайн бичээд, хөгжүүлэгчдийн электрон сүлжээгээ сайн ажиллуулаад байхад л сайн сурталчилгаа болох.
Монголчууд бид цөөхөн учираас хэрэгтэй хүнд нь амархан тарна.
Ер нь ойрын 5 жилд Монголын нийгэм 2 хуваагдах байх. ШУ-ны нэр томъёогоор нөгөө Digital divide гэдэг байхаа. Нэг хэсэг нь компьютер, интернэт байнга хэрэглэдэг, вэб, блог, майл лист гм мэдээллээр байнга өөрийгөө цэнэглэж байдаг нэг, нөгөө хэсэг нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй, мэдээлэлжсэн нийгмээс тасархай амьдралтай энэ талаар харанхуй гэж хэлж болох нэг хэсэг. Тэд ТВ-ээр шуурхай, шууд мэдээ үзэж байгаагаа мэдээлэлжсэн нийгэмд амьдарж байна гэж бодон төөрөгдөх аж. (ТВ бол хүссэн үедээ, зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ шүүж үзэж болдоггүй, хэрэгтэй үедээ хэрэгтэй мэдээллээ эргээд хайж болдоггүй хуучин цагын эд)
Энэ харанхуй хэсэгт өдөржин наран туул зах дээр зогсдог худалдаа наймаачид орох бөгөөд (худлаа эрхлэгчдийг муу хэлж байгаа хэрэг биш шүү) хамгийн сонирхолтой нь энд компьютер хэрэглэж чаддаггүй их хурлын гишүүд ч байх ажээ. Тэхээр энэ хуваагдалд нас хүйс, нийгмийн гарал, боловсрол, хийж байгаа ажил, албан тушаал хамаагүй зүйл юм. (Энийг интернэтээс уншиж байгаа бол та энэ хэсгийн хүн биш байна, танд баяр хүргэе ;)
Хэсэг хугацааны дараа энэ хуваагдал, байдлыг ойлгож мэдэрсэн мэдээллийн хэрэгсэлүүд өөрсдийн сонин хэвлэлүүдээр энэ тухай бичиж вэб, блог, майл листээс шууд хуулбарлан авч хэвлэн нийтлэж нөгөө тоон мэдээлэлжээгүй хэсэгт уламжлалт аргаараа хүргэх юм. Энэ үед байдлыг ойлгосон уншигчид тоон мэдээллийн ертөнцрүү тэмүүлэх болно. Эндээс ажлаа явуулах шинэ арга барил, шинэ түншүүдтэй болно. Хавтгай болж байгаа энэ ертөнцөд хэн түрүүлж энэ багажыг ашигласан нь амжилтанд хүрж зах зээлийн жамаар бусад нь арчигдана.
Мэдээллийн сүлжээ цааш эрчийг авч сонирхлын бүлгүүд цаг хугацаа, орон зай хамааралгүй мэдээллээ солилцож худалдаа наймаа байтугай бүх төрлийн салбарт дэвшил гарч, цаашилбал ажлаа хийхгүй авилгадаад байгаа төрийг түлхэн унагаад зөв засаглалыг тогтоох чадалтай болох аж.
Энд гол нь мэдээлэл нээлттэй, хэн нэг нь үүнд хяналт тавих, давамгайлах боломжгүй, шуурхай, хаанаас ч сонирхлоороо нэгдэх боломж бүрдэснээр юуны ч сонголт хийхэд зөв шийдвэр гаргах боломж нөхцөл нь бүрдэж байгаа юм.
Амьдралын сайн муу зүйлс санаатай болон санамсаргүй хийсэн зөв буруу сонголтоос хамаарч байдаг билээ. Гол нь олон зүйлсээс сонголт хийхэд, зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдээлэлтэй байвал, хэн ч өөртөө зөв шийдвэрээ гаргаж чаддаг.
Өнөөдөр манай нийгэмд нэг үеэ бодвол олон сонголт байгаач зөв сонголт хийхэд шаардагдах мэдээллийг олж авхад хүндрэлтэй байна. Бүгд л миний бараа үйлчилгээ сайн гэж өдөр шөнөгүй чанга дуугаар хашигчиж байна.
Гэтэл бодит байдлаар бодоод үзвэл хэрэглэгч бидэнд сурталчилгаа биш сайн мэдээлэл л хэрэгтэй. Үнэн зөв мэдээлэл байвал бид өөрсдөө зөв гэсэн сонголтоо хийж чадна.
Уламжлалт мэдээллийн хэрэгслээр сурталчилах асах өндөр зардалтай тул өнөөдөр хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй, сайн худлаа ярьж чаддаг нь л сурталчилгааны хэрэгслийг болон хэрэглэгчдийн сонголтыг дангаар эзэмших маягтай байна.
Цаана нь адилхан, бүр илүү ч байж магадгүй бараатай ядуу нь дуугаа хүргэж чадахгүй дампуурч байна. Яг өнөөдөр энэ хэрээр хэрэглэгч бид хохирч байна.
Тоон мэдээллийн хувьсал манайд дөнгөж эхлэх гэж байх шиг байна.
Та юу гэж бодож байна?