Thursday, September 14, 2006

2006, September, 15,

Электрон хувьсгал <bmr333@gmail.com>

Бид хаяа нэг компанийхаа сурталчилгааны талаар хөндөж ярьдаг билээ. Хэрхэн сурталчилах, ямар арга, сувгаар, ямар мессэж хүргэх вэ гм.

Бидэнд зардал өндөртэй уламжлалт сурталчилгаа хэрэггүй гэдэг санал бодоод байхад зөв аж.

Бид блогоо сайн бичээд, хөгжүүлэгчдийн электрон сүлжээгээ сайн ажиллуулаад байхад л сайн сурталчилгаа болох.

Монголчууд бид цөөхөн учираас хэрэгтэй хүнд нь амархан тарна.

Ер нь ойрын 5 жилд Монголын нийгэм 2 хуваагдах байх. ШУ-ны нэр томъёогоор нөгөө Digital divide гэдэг байхаа. Нэг хэсэг нь компьютер, интернэт байнга хэрэглэдэг, вэб, блог, майл лист гм мэдээллээр байнга өөрийгөө цэнэглэж байдаг нэг, нөгөө хэсэг нь энэ талаар ямар ч мэдээлэлгүй, мэдээлэлжсэн нийгмээс тасархай амьдралтай энэ талаар харанхуй гэж хэлж болох нэг хэсэг. Тэд ТВ-ээр шуурхай, шууд мэдээ үзэж байгаагаа мэдээлэлжсэн нийгэмд амьдарж байна гэж бодон төөрөгдөх аж. (ТВ бол хүссэн үедээ, зөвхөн өөрт хэрэгтэй мэдээллээ шүүж үзэж болдоггүй, хэрэгтэй үедээ хэрэгтэй мэдээллээ эргээд хайж болдоггүй хуучин цагын эд)


Энэ харанхуй хэсэгт өдөржин наран туул зах дээр зогсдог худалдаа наймаачид орох бөгөөд (худлаа эрхлэгчдийг муу хэлж байгаа хэрэг биш шүү) хамгийн сонирхолтой нь энд компьютер хэрэглэж чаддаггүй их хурлын гишүүд ч байх ажээ. Тэхээр энэ хуваагдалд нас хүйс, нийгмийн гарал, боловсрол, хийж байгаа ажил, албан тушаал хамаагүй зүйл юм. (Энийг интернэтээс уншиж байгаа бол та энэ хэсгийн хүн биш байна, танд баяр хүргэе ;)


Хэсэг хугацааны дараа энэ хуваагдал, байдлыг ойлгож мэдэрсэн мэдээллийн хэрэгсэлүүд өөрсдийн сонин хэвлэлүүдээр энэ тухай бичиж вэб, блог, майл листээс шууд хуулбарлан авч хэвлэн нийтлэж нөгөө тоон мэдээлэлжээгүй хэсэгт уламжлалт аргаараа хүргэх юм. Энэ үед байдлыг ойлгосон уншигчид тоон мэдээллийн ертөнцрүү тэмүүлэх болно. Эндээс ажлаа явуулах шинэ арга барил, шинэ түншүүдтэй болно. Хавтгай болж байгаа энэ ертөнцөд хэн түрүүлж энэ багажыг ашигласан нь амжилтанд хүрж зах зээлийн жамаар бусад нь арчигдана.

Мэдээллийн сүлжээ цааш эрчийг авч сонирхлын бүлгүүд цаг хугацаа, орон зай хамааралгүй мэдээллээ солилцож худалдаа наймаа байтугай бүх төрлийн салбарт дэвшил гарч, цаашилбал ажлаа хийхгүй авилгадаад байгаа төрийг түлхэн унагаад зөв засаглалыг тогтоох чадалтай болох аж.

Энд гол нь мэдээлэл нээлттэй, хэн нэг нь үүнд хяналт тавих, давамгайлах боломжгүй, шуурхай, хаанаас ч сонирхлоороо нэгдэх боломж бүрдэснээр юуны ч сонголт хийхэд зөв шийдвэр гаргах боломж нөхцөл нь бүрдэж байгаа юм.

Амьдралын сайн муу зүйлс санаатай болон санамсаргүй хийсэн зөв буруу сонголтоос хамаарч байдаг билээ. Гол нь олон зүйлсээс сонголт хийхэд, зөв шийдвэр гаргахад шаардагдах мэдээлэлтэй байвал, хэн ч өөртөө зөв шийдвэрээ гаргаж чаддаг.

Өнөөдөр манай нийгэмд нэг үеэ бодвол олон сонголт байгаач зөв сонголт хийхэд шаардагдах мэдээллийг олж авхад хүндрэлтэй байна. Бүгд л миний бараа үйлчилгээ сайн гэж өдөр шөнөгүй чанга дуугаар хашигчиж байна.

Гэтэл бодит байдлаар бодоод үзвэл хэрэглэгч бидэнд сурталчилгаа биш сайн мэдээлэл л хэрэгтэй. Үнэн зөв мэдээлэл байвал бид өөрсдөө зөв гэсэн сонголтоо хийж чадна.

Уламжлалт мэдээллийн хэрэгслээр сурталчилах асах өндөр зардалтай тул өнөөдөр хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй, сайн худлаа ярьж чаддаг нь л сурталчилгааны хэрэгслийг болон хэрэглэгчдийн сонголтыг дангаар эзэмших маягтай байна.

Цаана нь адилхан, бүр илүү ч байж магадгүй бараатай ядуу нь дуугаа хүргэж чадахгүй дампуурч байна. Яг өнөөдөр энэ хэрээр хэрэглэгч бид хохирч байна.

Тоон мэдээллийн хувьсал манайд дөнгөж эхлэх гэж байх шиг байна.

Та юу гэж бодож байна?

4 comments:

Buyantsogtoo, Ts. said...

Вэб 2.0 ийн үе эхэлснээр вэбд суурилсан шинэ ертөнцийн хөгжил улам эрчээ авлаа шүү. Гэхдээ бодит ертөнц буюу хуучин ертөнц маань байдгаараа л байна байх. Хуучин шинэ 2 нэг хэсэгтээ л хамтдаа оршино бизээ. Гэхдээ шинэ ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхалж чадсан хүмүүсийн хувьд амжилтад хүрэхэд амар байх нь дамжиггүй.

Unknown said...

санал нэг байна

Ochko said...

Яг тийм шүү, дуншиж дуншиж блогоо нээсэнд чинь талархаж байна гэж...

Anonymous said...

Сайн уу,

Блог, Вэб энээ тэрээ нь хөгжилд ихээхэн хэрэгтэй гэдэг нь үнэн боловч чиний тэмдэглэлийн зарим нь үнэхээр дутагдалтай санагдаж байна л даа.

Тэгээд ч худлаа юм бас зөндөө байна. Би жишээ нь Компьютер Таймс сэтгүүлийг эрхлэн гаргадаг тул мэдээж технологийг дэмжих нь гарцаагүй. Гэвч амьдрал дээр бүх юм өөр болдог. Жишээ нь зарим хүмүүс технологиос хол хангалттай сайхан амьдарч чадаж байна. Үүнийг юу гэх вэ? Тэр байтугай Монголд компьютерийг эрүүл мэндэд хортой гэсэн ойлголт их байдаг. Тэр нь ч нэг талаасаа үнэн л дээ.

Хэдхэн жилийн өмнө би хүмүүс технологийг хошуураад л гүйлдэнэ дээ гэж боддог байлаа. Гэтэл том эндүүрснээ он жил өнгөрөх тусам ойлгодог болоод байгаа. Одоо хүмүүст компьютер энээ тэрээг амьдралдаа ашигтайгаар ашигла гэж яаж зөвөөр ятгадаг юм билээ гэж л тархиа гашилгадаг болоод байна.

Хэрвээ танайх уламжлалт хэрэгслийг үр дүнтэйгээр хэрэглэхгүйгээр зах зээлд том амжилтад хүрнэ гэж бодож байгаа үүн шиг эндүүрэл байхгүй гэдгийг шуудхан хэлчихье. Нялуунаас шулуухан нь дээр гэдэг шүү дээ.

Тэгээд ч технологи гарснаар бүгдэд нээлттэй болоод байгаа ч юм биш. Арга зам нь өөрчлөгдөвч үзэл санаа нь хэвээрээ л байна. Тэгж ярих юм бол технологи нэвтэрснээр хэдхэн хүмүүст л асар том боломж гарч харин бусад нь түүнийг үргэлж дагах
байдалд хүрээд байгаа нь нийгмийг тэр аяар нь бухимдуулахад хүрээд байна. Орчин үеийн зах зээлд зөвхөн нэг талыг барьж явбал дэндүү өрөөсгөл болсон.

Жишээ нь сонинг аваад үзье. Сонин сэтгүүл гэдэг бол үнэртэй, гэрт чинь авчирч өгдөг, чи өөрөө хуруугаараа мэдэрч түүнийг уншдаг шүү дээ. Тэгээд ч чиний сэтгүүлийн ширээн дээр тэр бодитоор хэвтэж байдаг. Энэ бүхэн нийлэхээрээ юугаар ч большгүй кайф мэдрэмж мөн үү? Чамд хоол өгөхгүй дан ганц дусал хийгээд байвал ямар санагдах вэ? Өшөө дээр нь чи сэтгүүлээ хүнд бэлэглэж болно, хулгайд алдаж болно, хүүхэддээ уншуулж болно. Энэ бүхэн нийлээд л амьдрал шүү дээ. Бид ямар робот биш. Өдөр болгон тогтсон цагт нэт рүү ороод л блог уншина гэж байхгүй шүү дээ.

Би сүүлийн жилүүдэд л энэ бүхнийг ойлгодог болоод байгаа. Чи жишээ нь хүүхдээ дунд сургуульд оруулах гэж байгаа гэж бодьё. Гэтэл чи вэбэд байгаа сургуулиудын танилцуулгад шууд итгээд хүүхдээ өгөх үү? Энэ бол бүтэшгүй зүйл. Заавал хэн нэгнээс лавлаж асууж, биеэрээ очиж шалгаж үзэж, багштай нь уулзаж байж л өгнө шүү дээ. Нэгдүгээр ангийн тэр нялх амьтныг хаана өгч байгаагаа сайтар судлах нь зүйн хэрэг. Гэтэл чинийхээр бол зөвхөн нэтэд байгаа вэбэд л итгэх болж байна шүү дээ.

Чиний блогуудыг уншиж байхад жаахан туйлшрах хандлага ажиглагдаад байдаг. Энийгээ л засчихвал үнэхээр үнэ цэнэтэй материалууд бичдэг шүү.

Ганц удаа бичихдээ шүүмж бичсэнд уучлаарай.

Хүндэтгэсэн Т.Жаргал
Компьютер Таймс